Улаанбаатар хот, 2025 оны 9 дүгээр сарын 23 – Монгол Улсын Засгийн газар болон АНУ- ын Мянганы сорилтын корпорацын II Компакт гэрээний буюу Усны Компактын гурван гол төслийн нэг Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, өнөөдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар (УСУГ)-т албан ёсоор хүлээлгэн өглөө.
Ёслолын үйл ажиллагаа Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны 207 дугаар ухаалаг ус түгээх байрын гадна талбайд болж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Мянганы сорилтын корпорац, УСУГ, Монголын Мянганы сорилтын сан, гүйцэтгэгч “Эйч Ти Эл” болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
Гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, УСУГ-ын үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилготойгоор 2023 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 61 хороонд байрлах 180 ус түгээх байрны цахилгаан, узель, тоног төхөөрөмж, өнгөлгөө засал, аюулгүй ажиллагааны системийг иж бүрнээр шинэчилж, ухаалаг төхөөрөмжөөр тоноглон автоматжууллаа. Мөн өмнө нь автоматжуулсан 151 ус түгээх байрыг нэгтгэн, нийт 331 ус түгээх байрны үйл ажиллагааг хянах нэгдсэн хяналт, удирдлагын системийг амжилттай нэвтрүүлсэн юм.
Төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын олон мянган иргэн ус түгээх байраар цагийн хязгаарлалтгүйгээр үйлчлүүлэх боломжтой болохын зэрэгцээ ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан усны картаар, болон төлбөрийн олон төрлийн цахим хэрэгсэл ашиглан усаа авах, цаашлаад усны хэрэглээгээ хянах нөхцөл бүрдлээ. Шинэчлэгдсэн 180 ус түгээх байрны 21 ачилтын ус түгээх байр бөгөөд ачилтын ус түгээх байруудыг автоматжуулснаар УСУГ-ын зөөврийн 370 гаруй ус түгээх байрыг усаар хангадаг 60 орчим усны машин болон Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах, аврах ангийн машинууд усаа ямар ч цагт саадгүй авах боломжтой болсон нь чухал ач холбогдолтой юм.
АНУ-ын Элчин сайд Ричард Буанган ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:
“Ус бол бидний ирээдүй - Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй байдлын нэгэн баталгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэгэн тулгуур хүч юм. Аюулгүй, найдвартай ундны усаар хангагдах нь өрх бүрийн өдөр тутмын амин чухал хэрэгцээ, хөрөнгө оруулалтыг ч хөтөлдөг хүчин зүйл. Улаанбаатарчуудыг цэвэр усаар тогтвортой хангах боломжтой болсноор хувийн хэвшил, бизнесүүд тэлэх, цаашлаад нийслэл хотын эдийн засаг урт хугацаанд өсөж хөгжих бат бөх суурийг тавьж байна” хэмээн онцоллоо.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг Америкийн ард түмний өгөөмөр дэмжлэг, төслийн багийнхан болон оролцогч талуудад талархал илэрхийлээд:
“АНУ, Монгол Улсын стратегийн хамтын ажиллагааны нэгэн тулгуур багана болсон Усны Компактын төсөл, хөтөлбөрүүд эхнээсээ бодит үр дүнгээ өгч, өнөөдөр бүрэн автоматжуулсан 180 ус түгээх байрыг УСУГ-т хүлээлгэн өгч байна. Ухаалаг худагтай болсноор иргэд хүссэн цагтаа усаа авах боломжтой болохын зэрэгцээ иргэдэд усны үйлчилгээг хүргэх УСУГ-ын үйл ажиллагааны зардлыг мөн хэмнэж байгаа нь Усны Компактын төсөл, хөтөлбөрүүд улаанбаатарчуудын өдөр тутмын амьдралд бодит үр өгөөжөө өгч эхэлсний нэгэн тод жишээ юм” хэмээн онцлов.
2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээнд Монголын талыг төлөөлөн анх гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ёслолын арга хэмжээнд хааж хэлсэн үгэндээ:
“Цаасан дээр үзэглэж байсан Компакт гэрээний төсөл, хөтөлбөрүүд хөрсөн дээр бууж, өнөөдөр эхнээс нь албан ёсоор хүлээлгэн өгч байгаад үнэхээр баяртай байна. Өнөөдрийн энэхүү ажил бол цаашид хүлээлгэн өгөх олон бүтээн байгуулалтын эхлэл бөгөөд ирээдүйд хамтын хүчээр Улаанбаатар хотын усны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна” гэж тодотголоо.
Гэр хорооллын шугамд холбогдсон ус түгээх байрнуудыг бүрэн автоматжуулснаар иргэдэд усны үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохын зэрэгцээ УСУГ-ын үйл ажиллагааны зардлыг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжин, Улаанбаатар хотын ус хангамжийн найдвартай байдлыг баталгаажуулж байна.
Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.