АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

Түүхэн товчоо

УЛААНБААТАР ХОТЫН УС ХАНГАМЖ,

АРИУТГАХ ТАТУУРГЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Монголчууд эрт үеэс эхлэн ус, бэлчээр сонгон нүүдэллэж ирсэн бөгөөд ус хангамжийн төвлөрсөн систем байгуулж ашиглах нөхцөл бүрдээгүй байжээ. Өргөө, Их хүрээ олонтаа нүүдэллэвч оршин суугчид нь Сэлбэ, Туул голын усыг гол төлөв ашиглаж байжээ.

1.2.1 Ус сувгийн ашиглалтыг эрхлэх газар байгууллагдсан нь

(1959-1960)он

            Улаанбаатар хотод ус сувгийн төвлөрсөн системийн барилга байгууламжийг эрчимтэй барьж эхний хэсэг ашиглалтанд орох болсноор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 5-р сарын 19-ний өдрийн, “Улаанбаатар хотын барилга байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 196 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн а-д “Ус түгээгүүр, ариутгах татуургын барилгуудыг хүлээн авч ашиглалтыг эрхлэх газар байгуулахыг Улаанбаатар хотын Гүйцэтгэх Захиргаа /Н.Батаа/-д даалгасан байв.

 Уг заалтыг үндэслэн Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны “Ус сувгийн ашиглалтыг эрхлэх газар байгуулах тухай” 1959 оны 8-р сарын 6-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр Хот нийгэм хангамжийн газрын харъяанд аж ахуйн тооцоон дээр 1959 оны 6-р сарын 1-ээс эхлэн Ус сувгийн ашиглалтыг эрхлэх газар байгуулж Ус сувгийн аж ахуй эрхэлсэн ашиглалтын байгууллага нийслэлд үүсч бий болсон байна.

 

Энэ байгууллагын анхны дарга Лхамжав /Урьд нь ашиглалтын өмнөх захиргааны дарга байсан/ 1959 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хамгийн анхны 1-р тушаал гаргаж Цэрэн-Очирыг ахлах нягтлан бодогчоор, Жамъяандоржийг жолоочоор авч ажиллууллахаар шийдвэрлэжээ. Мөн 1959 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3-р тушаалаар цэвэр усны лабораторийн эрхлэгчээр их эмч Цэвэлмааг томилж шинээр ажилчид элсүүлж дадлагажуулан усны анхны дээжийг нийслэлчүүддээ түгээх, бэлтгэл ажлыг хийхэд бүхий л анхаарлаа чиглүүлэн ЗХУ-д курс дадлагаар хүмүүсээ суралцуулан бэлтгэж байв. Түргэвчилсэн байдлаар ажилчдаа мэргэшүүлэхийн тулд 1959 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5-р тушаалаар ИТА-ыг курст сургахаар болж ахлагчаар нь ерөнхий инженер Гончигсүрэнгийн Батболдыг томилж, 1959 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн  9-р тушаалар 24 хоногийн хугацаанд нэр бүхий 47 хүнийг анхны курст суралцуулан мэргэжлийн чадвартай болгожээ. 

Курс төгсөгчдийг ажилд томилох тухай 1959оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 19-р тушаал гаргаж, энэхүү тушаалаар Ус түгээгүүрийн ангийн даргаар А.Гэндэнг, худаг усны дежурын слесариар В.Ранаажав, дежурын монтёроор Содномдаржаа, лаборантаар Жамгар, Бууч, аваарийн бригадад аваарийн слесариар Т.Хуушаан, С.Сандуйжав, аваарийн монтёроор Эрдэнээ, аваарийн ахлах машинистаар Цэрэндаваа, утас залгагчаар Д.Дулмаа, Ариутгах татуургын ангийн бригадын даргаар Н.Тэрбиш, засвар цехийн бригадын даргаар Ш.Даш нарыг тус тус тохоон томилжээ. Байгууллагын диспетчерээр 1959 оны 10 дугаар сарын 28-ны 29-р тушаалаар Д.Лувсан-осор, Г.Хоовой нарыг, 1959 оны 11 дүгээр сарын 2-ны 33-р тушаалаар Ариутгах татуургын ангийн цахилгааны техникчээр Б.Нанзаддоржийг томилжээ. Энэ үед үйлдвэр борлуулах хэлтсийн дарга Дордог, усан тээвэр хэсгийн дарга Бодь, ариутгах татуургын ангийн даргаар Лодой нар ажиллаж байжээ.

 

Шугаманд 6 ус түгээх байр шинээр баригдаж ашиглалтанд орсон учир ус түгээх байрыг 1959 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36-р тушаалаар Усан тээврийн ангийн дарга Бодид хариуцуулсан байна. Мөн усан тээврийн ангийн ажлыг шуурхай болгох тухай 1959 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 68-р тушаал гаргаж байжээ. Шинэ тутам ашиглалтанд орсон аж ахуйг хэвийн найдвартай ажиллуулахын тулд ажиллах хүчний зохион байгуулалтад богино хугацаанд өөрчлөлт хийж зохицуулах асуудал алхам тутамд тулгарч байжээ. Хотын захиргааны 1960 оны 4-р сарын 7-ны “Ажилд томилох тухай “37-р захирамжаар үүрэгт ажилдаа тэнцээгүй тул 3-р сарын 30-наас  Ламжавыг чөлөөлж 3-р сарын 31-нээс Ш.Ширнэнг томилжээ.

Нийгэм ахуйн барилга хүлээн авахад бэлтгэх ажлын комиссыг хотын захиргааны 1960 оны 6-р сарын 15-ны шийдвэрээр байгуулж ажилд нь оруулжээ.

1960 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 115-р тушаалаар насосны станцад туслах машинистаар В.Даваасүрэн, ус түгээгүүрийн шугам сүлжээний ангийн слесариар Баасанцэрэнг томилжээ. 1960 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 132-р тушаалаар О.Дашдамбыг боловсон хүчнээс чөлөөлж Үйлдвэрийн хэлтэст ариутгах татуургын техникчээр ажиллуулсан байна.

Ариутгах татуургын 1-р ээлжийн барилга байгууламж ашиглалтанд орсонтой холбогдуулж 1960 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 138-р тушаалаар Цэрэнжалбууг машинистаар, Даринчулуун, Бор, Нямпэлжид нарыг слесариар томилсон байжээ. Мөн 1960 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 140-р тушаалаар цэвэр усны шугам сүлжээний мастераар Ц.Гунгаацэрэнг, 1961 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 129-р тушаалаар ус түгээгүүрийн шугам сүлжээний ангийн даргаар Г.Хоовойг, бохир усны шугам сүлжээний (ариутгах татуургын) ангийн даргаар Дордогийг томилжээ.

 

1961 онд 6-н халуун ус ашиглалтанд орсон байна. Энэ үеэс Улаанбаатар хотын халуун ус хими цэвэрлэгээг нэгтгэн ажиллуулж байгаад 1970 онд аж ахуйн бие даасан газар болж тасарсан байна.  Мөн 1960 онд Улаанбаатар хотын усан тээврийн үйлчилгээг ус сувгийн газарт нэгтгэн тээврийн авто машинуудыг тус газрын авто гражинд төвлөрүүлж үйлчилгээ явуулж байгаад Улаанбаатар хотын тусгай үйлчилгээний авто баазад 1961 онд шилжүүлэн ажиллуулав.

1.2.2 Улаанбаатар хотод анх инженерийн хийц бүхий

төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын

системийг ашиглалтад хүлээн авсан нь

/1959 он/

Анх усны эх үүсвэрийн төв станцад 5 гүний худаг цуглуулах шугамын хамт ус нөөцлөх 500м3 багтаамжтай 2 усан сан хлорын байр, 3 ш 6НДС насос, Маахуур толгой дээр байрласан усан сан хүртэлх 400 мм-н диаметртэй ус дамжуулах 4км гол шугам, 1000м3 багтаамж бүхий маахуурын усан сан, уг усан сангаас өндрийн даралтаар ус дамжуулах 300мм-ийн голчтой 6,2 км, 400 мм-ийн голчтой 2,6 км гол шугам, хотын дотор ус түгээгүүрийн 15 км шугам хоолой, даралт нэмэгдүүлж дамжуулан шахах  1,3,4,5-р насосны станц, шугамын ус түгээх байр 9, зөөврөөр ус түгээх зориулалт бүхий авто машин 17, бохир ус татаж зайлуулах ариутгах татуургын түр станц, бохирын 8 км шугам хоолой, засварын цех зэрэг барилга объектыг  1959 оны 11-р сарын 19-ны өдөр ашиглалтад хүлээн авч нийслэлчүүддээ цэвэр цэнгэг усныхаа анхны дээжийг түгээж эхэлсэн.  Энэ үед хоногт 10,0 мянган шоо метр ус олборлох хүч чадалтай байлаа.

1.2.3  Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх III-IV таван жилийн

төлөвлөгөөт онуудад нийслэл хотын ус хангамж,

ариутгах татуургын системийг хөгжүүлсэн нь

(1961-1970 он)

Ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын усны хэрэгцээг хангахын тулд эх үүсвэр, цэвэр,бохир усны шугам сүлжээний барилга байгууламжийн өргөтгөлийг эрэмбэ дараатайгаар хийж байлаа. Төв станцын хүчин чадлыг нэмэгдүүлж 2-р өргөлтийн станцад бүтээмж өндөртэй 8НДВ маркийн насос хоёрыг суурилуулж нийт 4 насостой болсны дээр 1963 онд 10 гүний худагтай боллоо.

Үйлдвэрийн “Б” станц эх үүсвэрийн станцын байгууламжийн эхний ээлжинд хойд эгнээний 9 гүний худагийн цооногийн гүн нь 26-27м юм. Мөн 2-р өргөлтийн насосны станцад 4 ш 12НДС маркийн насос тоноглогдсон бөгөөд 2000 шоометрийн багтаамж бүхий 2 усан сан, гүний усыг ариутган халдваргүйжүүлэх хлорын байгууламж, станц үйлдвэрийг холбосон өндөр,нам даралтын 400 мм-ийн голчтой хос ширмэн шугам, хот үйлдвэрийг холбосон 250 мм-ийн голчтой шугам бусад цогцолборын хамт баригдаж 1964 онд ашиглалтанд орсон.

Энэ цаг мөчөөс хойш шинэ тутам байгууллагдсан үйлдвэрүүд, үйлдвэрийн районд байрласан орон сууц, албан газруудыг усаар хангаж эхэлсэн.

Махын “В” станц 1959 онд суурь нь тавигдаж барилга байгууламжийн ажил эхэлж, 1962 онд 5 гүний худаг ашиглалтад орсон.  Махкомбинатын районы үйлдвэрүүд орон сууцыг хэрэгцээний цэвэр усаар хангах зориулалтаар 22-27 метр гүнтэй, 400мм-ийн голчтой 5 цооног өрөмдөн, гүний 5 насос суурилуулан 1-р өргөгчөөс шууд 150 мм-ийн голчтой шугамаар хэрэглэгчдийг усаар түр хангаж байсан байна.

          Улмаар 1966 онд 2-р өргөлтийн насосны станцын барилга, 1000 шоометрийн багтаамжтай хоёр усан сан, халаатын зуух, хлорын барилга зэрэг байгууламж баригдаж тоног төхөөрөмжүүд суурилагдсан юм. Мөн төв станцын ус дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлж Маахуур толгойд 2000 м3 багтаамжтай монолит цутгамал төмөр-бетон цлиндр хэлбэртэй усан сан баригдаж, төв станцаас энэ усан санд ус дамжуулах 600 мм-ийн голчтой 4 км шугам хоолойг 1967 онд ашиглалтад авчээ.

            Хотоос гарч байгаа бохир усанд цэвэрлэгээ хийж Туул голд нийлүүлэх зорилго бүхий Цэвэрлэх байгууламжийг бүтээн босгох ажлыг эхлэхээр төлөвлөжээ. 1962 онд Зөвлөлт Холбоот Улс (хуучин нэрээр)-ын “Гипрокоммунводоканал” институтын зураг төслийн дагуу барилгын суурь тавих ажлыг эхэлсэн байна. Ийнхүү манай оронд байгаль орчныг хамгаалах ариун үйлсийн анхны гараа эхэлсэн түүхтэй. Эрүүл орчинд, эрүүл аж төрөхөд ахуйн хэрэглээний болон үйлдвэрлэлийн зориулалттай усыг ариутган цэвэрлэж гаргаснаараа Нийслэлчүүдийн амьдралд онцгой үйл явдал эхэлсэн хэрэг билээ. Цэвэрлэх байгууламжийн барилгыг “Нийгэм Ахуйн барилга трест” барьж, 1963 оны 10 дугаар сард Цэвэрлэх станцын анхны хэсэг болох “Шүүх талбайг” ашиглалтанд хүлээлгэн өгсөн бөгөөд анхны Техникийн удирдагчаар О.Дашдамбыг томилон ажиллуулжээ. Цэвэрлэх байгууламжийн контор лабораторийн барилгыг мөн оны 5 дугаар сард уурын зуухны барилгыг 9 дүгээр сард барьж дуусгасан байна. 1969 оны 10 дугаар сард Цэвэрлэх байгууламжийн эхний ээлжийн Механик цэвэрлэгээ  хэсэг хоногт 45 000 м3  бохир ус хүлээн авах хүчин чадалтайгаар   ашиглалтанд орсон  ажээ.

1969 оны 10 дугаар сард Цэвэрлэх байгууламжийн анхны даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Лхамааг томилсон (Үүнээс өмнө Техникийн удирдагч энэ үүргийг гүйцэтгэж байсан юм) байна. Механик цэвэрлэгээг ашиглалтанд авснаар анх “Шүүх талбайн станц” , “Цэвэрлэх барилга” гэгдэж байсан нэрээ халж, албан ёсоор /Цэвэрлэх байгууламж/ хэмээн нэрийдэх болжээ.

Хотын захын бохир усны насосны станц, хүлээн авах дугуй резарвар, сараалж, бохир ус татан зайлуулах төв коллектор 1970 оны 8 дугаар сард ашиглалтанд орсон бөгөөд хагас автомат ажиллагаатай байлаа.

1973 оноос Зөвлөлт Холбоот улсын техник эдийн засгийн туслалцаатайгаар механик цэвэрлэгээний 2-р өргөтгөл, Биологи цэвэрлэгээг ашиглалтанд оруулахаар төлөвлөж ажилласан бөгөөд 1977 оны 11 дүгээр сард механик цэвэрлэгээний хэсэг, баруун сараалж, элс тогтоогуур, анхдагч тугнаагуур хоёр, түүхий үлдэцийн насосны станц зэрэг дамжлага ашиглалтад орсон байна.

Биологи цэвэрлэгээний хэсэгт аэротенк гурав, хоёрдогч тунгаагуур гурав, идэвхит лагийн насосны станц Ф маркийн дөрвөн насостой, агааржуулах станц гурван агрегаттайгаар 1979 оны 11-н сард тус тус ашиглалтанд орсноор механик биологи цэвэрлэгээ хийх бүрэн боломжтой болсон байна.

Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор механик биологийн цэвэрлэгээний байгууламжид 3 дугаар ээлжийн өргөтгөл хийж механик цэвэрлэгээний хэсэгт анхдагч тунгаагуур 2, биологи цэвэрлэгээний хэсэгт аэротенк 2, хоёрдогч тунгаагуур 2, идэвхит лагийн насосны станцад 10Ф-12 маркийн насос 2, агааржуулах станцад Н750-23 маркийн агаар үлээгч машин 2, 1400 мм-н диаметртэй бохир усны өмнөтийн коллектор, шинэ захын насосны станц СДВ2700-26 маркийн насостойгоор 1986 онд ашиглалтанд орж хоногт 230 000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай болсон ажээ. 1959-1969 оны хооронд нийт 61 км шугам хоолой ашиглалтанд орсон. Төв коллектор, 1,2,5,6,7 коллектор, Ханын материал, 25-р салбар шугамууд ашиглалтанд орсон.

Мөн хотын нийгэм хангамжийн 1964 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 44-р тушаалаар Ус сувгийн ашиглалтыг эрхлэх газар Орон сууцны захиргааны хооронд ундны усны төлбөрийн тооцоо хийж байх журам батлан гаргаж мөрдүүлж байв. Үүнд усны төлбөрийг тоолуурын заалт үндэслэн хийх, хоёр байгууллагын хариуцсан хүмүүс томилон тоолуурын заалт баталгаажуулж байх зэрэг шийдвэр  гарган хэргжүүлж байсан.

 

1.2.4  Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх V-VI таван жилийн төлөвлөгөөт онуудад

ус хангамжийн системийг өргөтгөн хөгжүүлсэн нь

(1971-1980 он)

      Улаанбаатар хотын хүн ам олширч, оршин сууцны барилгууд олноор баригдаж, үйлдвэр албан газрууд бий болсноор жилээс жилд усны хэрэгцээ нэмэгдсээр ирсэн. Энэхүү хэрэгцээг хангах зорилгоор удаа дараагийн хотын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийсний дагуу эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Туул голын хойд хөвөөний дагуу Төв эх үүсвэрийг одоогийн 12-р худгаас 27-р худаг хүртэл 17 худгаар өргөтгөж, тэдгээрийг холбох цуглуулах шугам, 3000м3- ийн санд хүргэх гол шугам,  2-р өргөлтийн станцад шинээр насосны станц /шинэ заал/ барьж, 3000 шоо метрийн багтаамтай, цлиндр хэлбэртэй, монолит цутгамал төмөр-бетон хийц бүхий усан сан, уг станцаас Маахуурын усан сан хүртэл 4 км ган шугам, түүнээс цааш Тасган овоон дээрх усан сан хүртэл 6 км ган шугам хоолой, Тасганы овооны хяр дээр байрласан тус бүр нь 6000 шоо метрийн багтаамжтай, тэгш өнцөгт паралелпипед хэлбэртэй эсрэг даралтын хоёр усан сан иж бүрэн цогцолбороороо 1973 оны 11-р сард  ашиглалтад юм. Ингээд эх үүсвэрийн төв станц нь гүний 27 худагтай болж, хоногт ус олборлох хүчин чадал 50000 м3/хон. болж өссөн юм.                                                                    

Үйлдвэрийн районы эх үүсвэрт өмнө нь ашиглалтад  орсон 9 худгаас урагш Туул голын хөндий /хөвөө/ дагуу эгнэн байрласан 9 цооног шинээр өрөмдөж, энэхүү  эгнээний 4 гүний худгийн барилга, 2-р өргөлтийн станц хүртэлх Ф500мм-ийн голчтой шугам баригдаж, АТН14-1-3 насос тоноглогдож бусад тоног төхөөрөмж иж бүрнээр суурилагдаж 1973 онд ашиглалтанд орсон.

Мөн ариутгах татуургын системд өргөтгөл хийгдэж 1970-1979 оны хооронд нийт 14 км шугам хоолой ашиглалтад орсны дээр 3,16-р коллектор,  Оросын 400, Кино үйлдвэр, таван шарын салбар шугамууд ашиглалтанд орсон.

БНМАУ-ын СнЗ-ийн 1975 оны 10 дугаар сарын 10-ны 478-р тогтоолд Ус сувгийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах тухай заасан бөгөөд тус газрын лабораторийн хүч чадал тоноглолыг шинэчлэх, ус хлоржуулах байгууламжийг шинэчлэх, техник ашиглалтын заавар боловсруулж мөрдөх, засвар цехийг өргөтгөн тоноглож хүч чадлыг нэмэгдүүлэх, бохир ус их хэмжээгээр гарч байгаа Зайсан, Дамбадаржаа, Улаанхуаран, Амгалан орчмын албан газруудыг ариутгах татуургын нэгдсэн системд холбох чиглэл гарч байлаа.

БНМАУ-ын СнЗ-ийн 1978 оны 3 дугаар сарын 3-ны 44-р тогтоол гарч Улаанбаатар хотын усан хангамжийн талаар авах зарим арга хэмжээг заасан. Үүнд:

Төвлөрсөн усан хангамжийн системийн ачааллыг хөнгөлөх, усны алдагдлыг багасгах, орон сууц, үйлдвэр албан байгууллагад халуун хүйтэн ус түгээх  график боловсруулж мөрдүүлэх шуурхай арга хэмжээ авч хотын ус хангамжийн ажилд хөдөлмөрчдийг усаар гачигдуулахгүй байхаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг заасан байна.

Гэрийн хорооллын хөдөлмөрчдийн ундны усны хүрэлцээг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай НААҮЯ, Тээврийн яамны коллеги, УБ хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны гишүүдийн хурлын 1978 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 7/5/62 дугаар тогтоолоор ус түгээх байрны үйлчлэх хүрээг 300 метрээс илүүгүй байхаар тогтоож хашаа гудамжаар ус зөөж явах гарц гаргах, тэргүүний ажиллагаатай ус түгээх байр шалгаруулах, ариун цэврийн бүс тогтоож далан засах, орчныг тохижуулах, нэг хүнд хоногт ноогдох усны хэмжээг 1978 онд 1,9 дахин, 1979 онд 2,1 дахин, 1980 онд 2,4 дахин нэмэгдүүлэх зэрэг зорилт тавьж шаардагдах хөрөнгө хүч төлөвлөн шийдэж өгчээ.

Тус байгууллагын ажил үйчилгээг өргөтгөх, нөгөө мэргэжлийн чиглэлийг түшиглэн 1979 онд Баянгол дахь Олон улсын пионерийн зуслангийн ус хангамж,ариутгах татуургын төвлөрсөн системийн ашиглалтыг хариуцуулсан байна.

 

1.2.5  Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх VII-VIII таван жил дэх  түүхэн хөгжил

(1981-1990 он)

Усан хангамж, ариутгах татуургын системийн хөгжлийн схемийг шинээр боловсруулж усан хангамжийхыг 1980 онд, ариутгах татуургыхыг 1981 онд тус тус Улсын төлөвлөгөөний комиссаар батлуулсан. Үүний зэрэгцээ ус хангамжийн эх үүсвэрийн усны нөөцийн хайгуул, судалгаа хийж 1986 онд Зөвлөлт Монголын нөөцийн комиссын хамтарсан хурлаар баталжээ. Эдгээр зураг төсөл нөөцийн хайгуултай холбогдуулан ус хангамжийн эх үүсвэрийн ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоох, бүсэд орсон барилга обьект, гэрийн хорооллыг нүүлгэх ажлыг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1981 оны 172 дугаар тогтоол болон Сайд нарын Зөвлөлийн шийдвэрүүдээр зохион байгуулжээ.

1978 онд ПНИИИС институтын хийсэн хайгуул судалгааны өгөгдлийг үндэслэн “ГИПРОКОММУНВОДОКАНАЛ” институт Төвийн эх үүсвэрийн хүчин чадлыг  20000 м3/хон - оор нэмэгдүүлэн өргөтгөх төсөл боловсруулсан.

Энэхүү төсөлд 23 гүний худаг шинээр барихаар тусгаж

шинэ 8 болон Намын дээд сургуулийн чиглэлд 15 гүний худаг баригдаж, 1980, 1981 онуудад, 2-р өргөлтийн насосны станцад өргөтгөлөөр 6000м3  -ийн   багтаамжтай усан сан нэмж баригдан 1986 онд ашиглалтад орсноор нийт 50 гүний худагтай болж хоногт 70 000 м3 олборлох хүчин чадалтай болжээ.

Төвийн эх үүсвэрийн станцын 3-р ээлжийн өргөтгөлөөр хоногт 24000м3 ус олборлох хүчин чадалтай 22 гүний худаг Хар усан тохойд баригдаж ашиглалтанд орсноор нийт 72 гүний худагтай болж, станцын хүчин чадал 94 000м3/хоног болж нэмэгдэв.

Мөн ариутгах татуургын системийн өргөтгөлөөр Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор механик биологийн цэвэрлэгээний байгууламжид гурав дугаар ээлжийн өргөтгөл хийж механик цэвэрлэгээний хэсэгт анхдагч тунгаагуур-2, биологи цэвэрлэгээний хэсэгт аэротенк-2, хоёрдогч тунгаагуур-2, идэвхит лагийн насосны станцад 10Ф-12 маркийн насос-2, агааржуулах станцад Н750-23 маркийн агаар үлээгч машин-3, 1400 мм-ийн голчтой бохир усны өмнөтийн коллектор, хлоржуулах байгууламж, шинэ захын насосны станц СДВ2700-26 маркийн таван насостойгоор тус тус 1986 онд ашиглалтад орж хоногт 230 000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай болсон ажээ.   

           Хотын хэмжээнд 1980-1989 оны хооронд нийт 57 км бохир усны шугам хоолой ашиглалтанд орсны дээр 1982 онд III,I\/ хороололын орон сууцны барилгууд  ашиглалтанд орох үед 10,22,23,31-р коллектор, 3,25-р коллектор, эх нялхсын бохир усны салбар шугамууд ашиглалтанд орсон. Мөн Өмнөдийн коллектор 1986 онд ашиглалтанд орсноор Оргил рашаан сувилалын бохирын түр станц, Үйлдвэрийн районы бохирын станц татан буугдсан байна.  Бохир усны шугам хоолой угаах, засвар үйлчилгээ зориулалттай КО-504 камаз машиныг 1989 онд хүлээн авч ариутгахын инженер байсан Төмөрбаатар өөрөө жолоодон эзэмшиж, шугам хоолой угаах ажлыг амжилттай хийж байсан ба одоог хүртэл шугам хоолойн угаалга цэвэрлэгээнд хэвийн ашиглаж байна.

Ус хангамжийн шинэ схемийн дагуу Дээд эх үүсвэрийн барилга байгууламжийг шинээр байгуулах ажил өрнөж, 1984 оноос Зөвлөлтийн барилгын 2-р Трэст /СОТ-2/ барьж байгуулах нүсэр ажлыг анх эхэлсэн юм. Дээд эх үүсвэрийн станц нь Туул голын дээд хэсгийн гольдрол дагуух гүний усыг олборлодог.

Улаанбаатар хотоос зүүн тийш 46км, Налайх суурингаас зүүн тийш 20 км зайд Уу булан, Зүүн-баруун Шохойн горхины адаг, Харзатайн амралтын цогцолборын баруун хойт жигүүрийн хэсэгт Туул голын хөндийн ай савын дагуу 22 км урт, 2,5-3,5 км  өргөн зурвас талбайг  хамран оршдог.

Нийт гүний 39 худагтай, худаг хоорондын зай харилцан адилгүй хол ойр байдлаар орших бөгөөд эхний 1-р худгаас эцсийн 39-р худаг хүртэл 22 км сунаж тогтсон юм. Худгийн гүн нь дундчаар 30-35м, Гүний худгаас усыг 400 мм-ийн голчтой нэг, 700 мм-ийн голчтой хос цуглуулах шугамаар дамжуулан 2-р өргөлтийн насосны станц дахь тус бүр нь 1000 шоо метрийн багтаамжтай хоер усан санд хуримтлуулдаг.  Хоёр дугаар өргөлтийн насосны станцад нийт 6 насос суурилагдсаны гадна хаалт арматур тоноглолууд, цахилгааны удирдлагын самбарууд, трансформаторын дэд станцууд, 10 кВольтын хуваарилах байгууламж зэрэг тоног төхөөрөмжийн цогцолборууд иж бүрэн тоноглогдсон юм.

Энэхүү объектыг Зөвлөлтийн барилгачид 7 жилийн хугацаанд барьж байгуулж, 1990 оны сүүлчээр дуусган, туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажлыг бүтэн сарын турш гүйцэтгэж 1990 оны 11-р сард ашиглалтад хүлээн авсан. Мөн үүний зэрэгцээ өргөлтийн насосны станцаас Улаанбаатар хот руу ус татах Ф600, 700, 800 мм-ийн голчтой 46 км хос шугам, 600 мм-ийн голчтой 70 ш хаалт тоноглоглогдсон 22 хяналтын худаг камер, люк таг, даралт сааруулах,  халдваргүйжүүлэх ариутгал хийх зориулалт бүхий 2х3000 шоометрийн багтаамтай завсрын усан сан, хлоржуулах байгууламж, халаалтын зуух, трансформаторын дэд станц зэрэг барилга объектыг Нийгэм ахуйн барилга трест / Монголын барилгачид/ нэгэн зэрэг барьж байгуулж туршилт тохируулга, угаалга ариутгалыг хамтдаа хийж гүйцэтгэн 1990 оны 11-р сард ашиглалтанд оруулсан билээ.

Дээд эх үүсвэрийн станцын төслийн тооцоот хүчин чадал 86 400 м3/хон бөгөөд ЗХУ-ын ПНИИИС-ийн экспедицээс 1977-1979, 1980-1982 онуудад Дээд эх үүсвэрийн хэмжээнд явуулсан гидрогеологийн нарийвчилсан судалгааны холбогдох материал, тулгуур мэдээлэл, үр дүнг үндэслэн 2004 онд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАИКА байгууллага  дахин судалгаа үнэлгээ хийж ус олборлох хүчин чадлыг хоногт 72 мянга шоо метр гэж тогтоосон юм. Ингээд Япончууд ДЭҮ-ийн станцын тоног төхөөмжийг шинэчлэн сайжруулах, ус олборлох хүчин чадлыг талаар төсөл боловсруулж эхэлсэн.

           Мөн үйлдвэрийн районы хэрэглээний ус өгөх зорилгоор Мах комбинатын эх үүсвэрт гүний  3 худаг шинээр гаргаж, II өргөлтийн станцыг өргөтгөв. Өмнөдийн усан хангамжийн шугам дуусч байгаатай холбогдуулан Баруун районы шахах станцыг талх чихэрийн үйлдвэрийн дэргэд барьж баруун бүсийн усан сангийн ажлыг эхлүүлэв. Үндсэндээ 1950-иад оноос 1990 он хүртэлх хугацаанд усан хангамжийн дээрх ажлуудыг зөвхөн ЗХУ-ын хүч хөрөнгө, техник туслалцаа, тэдний мэргэжилтнүүдийн боловсруулсан зураг төсөл, тооцоо судалгаагаар хийжээ.  

Багахангайн ус сувгийн товчоог Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1990 оны 8 дугаар сарын 16-ны 200 дугаар тогтоол, УСУГ-ын газрын даргын 10 дугаар сарын 16-ны өдрийн 110 дугаар тушаалаар 10 дугаар сарын 1-нээс эхлэн байгуулсан бөгөөд хэсэг хугацаанд тус товчоог дүүргийн мэдэлд шилжүүлсэн. Дахин 1998-9-1-нээс Багахангайн УСТ-г УСАГ-т шилжүүлэв.

                        

1.2.6 Зах зээлийн эдийн засагт шилжсэн он жилүүд

(1991-2009)

Улс орон тэр даяараа эдийн засгийн шинэ харилцаанд шилжиж, гадаадын хөрөнгө оруулалт, материал техникийн хангамж үгүй болж барилгын зураг төслийн болон  гүйцэтгэгч байгууллагууд задарч ус сувгийн байгууламжийг өргөтгөх шинэчлэх ажил үндсэндээ зогсонг байдалд оров.

Үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож ус хэрэглэхээ больж усны хэрэглээ эрс буурч усны хүрэлцээ хэдийгээр сайжирсан боловч цэвэр, бохир усны шугам тоног төхөөрөмж барилга байгууламжийг солих, шинэчилж сайжруулах асуудал тулгарч байсны дээр ус хангамжийн найдвартай эх үүсвэртэй болох ус сувгийн системийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, гэрийн хороолол болон хотын захын ус хэрэглэгчдийн усны чанарыг сайжруулж хүрэлцээг нэмэгдүүлэх, хангамжийг тогтвортой болгох зэрэгт анхаарах зайлшгүй шаардлага бий болов.

1991 оноос ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуулыг Япон улсын тусламжаар хийх ажлыг хоёр улсын засгийн газрын хэмжээнд тохирч гэрээ хэлэлцээр байгуулан 1996 онд дуусгаж үргэлжлүүлэн ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөө боловсруулан 1997-2000 онд өргөтгөл шинэчлэлийн эхний ээлжийг Япон улсын буцалтгүй тусламжаар гүйцэтгэв. Энэ ажлын хүрээнд Төв станцын бага заалны цагт 600 м3  ус шахах 4 насос,  их заалны цагт 2000 м3 ус шахах нэг насосыг  цахилгаан хангамжийн удирдах самбарын хамт сольж, ус цуглуулах болон шахах гол шугам дээр усны тоолуурууд суурилуулан, ус хангамжийн төв эх үүсвэрт 20 худаг шинээр гарган тоноглож 11 худгийн усны ундрага сайжруулж, 55 худгийн насос, моторыг сольж нийт худгуудын цахилгааны болон алсын удирдлагын самбарыг сольж алсын удирдлагын системд холбов.

Ус хангамжийн системийн алслагдсан цэгүүдийг богино долгионы холбоотой болгон, ус хлоржуулах байгууламжийг иж бүрэн шинэчилж, худгуудын халаалтыг өөрчилж, цахилгаан тасалдсан үед зөвхөн хлоржуулах байгууламж, телемеханикийн системийн тасралтгүй ажиллагааг хангах үүрэг бүхий бага оврын суурин генератор суурилуулсан бөгөөд эдгээр өргөтгөл шинэчлэлийн үр дүнд усны эх үүсвэрийн хүч чадлыг хоногт 20,0 мянган шоо метрээр нэмэгдүүлж хотын сүлжээнд нийлүүлэх усны хлоржуулалт чанаржиж шингэн хлорын зарцуулалт багасч хлоржуулах байгууламжийн аюулгүй ажиллагаа эрс сайжирсан юм.

Засварын цехийн метал зорогч, өрөмдөгч, таслагч, суурь машинуудыг сольж, хийн болон зөөврийн цахилгаан гагнуурын аппаратууд нийлүүлж тоног төхөөрөмжид засвар хийх явдлыг хөнгөн шуурхай болгов.

1994 онд Хэрэглэгчийн хэлтсийг байгуулж усны тоолуурын лабораторийг 2003 оны 12-р сард ашиглалтад оруулж, хэрэглэгчдэд үйлчлэх албаны харъяалалд ажиллуулав.

Орон сууцны хорооллын 56 ус дулаан түгээх төвд усны тоолуур тавьж Орон сууц ашиглалтын конторуудтай ус хэрэглээний тооцоог тэдгээр тоолуураар хийдэг болсноор нийслэлийн орон сууцанд суугч нэг хүний усны хэрэглээ хоногт 450 литрээс 270 литр болгон усны алдагдлыг бууруулав.  Япон улсын буцалтгүй тусламжаар 2005-2007 онд хэрэгжүүлсэн хоёрдахь ээлжийн өргөтгөл шинэчлэлээр ус хангамжийн Дээд эх үүсвэрт 16 худаг гаргаж тэдгээрийн насосыг радио долгионы алсын удирдлагатай болгон, хоёрдугаар өргөгч станцад цагт 1000 шоо метр ус шахах хүч чадалтай 3, 2000 шоо метр ус шахах 2, нийт таван насос бусад тоноглолын хамт иж бүрнээр шинэчлэн суурилуулж, худгуудын ус цуглуулах арав гаруй км шугам, шингэний цохилтоос хамгаалах байгууламж барьсны гадна Төв станцад цагт 2000 шоо метр ус шахах хүч чадал бүхий хоёр насосыг шинэчилж солив.                                                                                  

Үүнээс гадна техникийн туслалцаа үзүүлж байгууллагын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, ус хангамжийн тоног төхөөрөмжийн ашиглалт удирдлагын үр ашгийг дээшлүүлэх, усны алдагдал илрүүлж багасгах, усны чанарын хяналтыг сайжруулах, усны хэрэгцээ болон ашиглалтыг оновчтой болгох зэрэг ажлууд хийлээ.

Үйлдвэрийн районы хоёрдугаар өргөгч станцын насос мотор цахилгаан хангамжийн самбарууд, сорох, шахах талын хаалтууд, хлоржуулах төхөөрөмжийг 2001 онд, эх үүсвэрийн худгуудын насос, мотор, цахилгааны самбар, ус өргөх яндан, холбох хэрэгсэл, станцын дэргэдэх усан сангуудын холбох камерийн хаалтуудыг шинэчлэн солилоо.

 2001 оны 6-р сарын 19 нд Баруун дүүргийн усан санг ашиглалтад оруулав.

БНХАУ-ын Бүргэд компанитай хамтран 2003 онд хятадын тоног төхөөрөмжийг оруулж ирэн  өөрийн хөрөнгөөр шинэчилсэн нь тоног төхөөрөмжийн ашиглалтын найдвартай ажиллагааг сайжруулж, элдэв саатал, гэмтэл гарах нь  хүн хүчний  хөдөлмөр хөнгөвчилж, цахилгааны задрал буурсан байна.

Махкомбинатын станцыг эх үүсвэрийн хамт байгууллагын өөрийн хөрөнгөөр Дани улсын PER AARSLEFF компаний туслалцаатайгаар 2001-2002 онд  орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчилж ажиллах хүч, цахилгаан энергийн зардлыг ихээхэн хэмнэсэн юм. Зэвэрдэггүй хөнгөн цагааны хайлшаар хийсэн ус өргөгч яндан, хэрэглээнээс хамааруулж ус шахдаг давтамж хувиргагчтай насос тавьсан нь худгийн насос моторын засварын ажлыг түргэн шуурхай хийх, цахилгаан эрчим хүч хэмнэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ.

Тасганы станц 1985 оноос хойш тасралтгүй ажилласан бөгөөд зарим нэг насос солихоос өөр тууштай  техникийн шинэчлэл хийгээгүйгээс тоног төхөөрөмж эвдэрч саатал доголдол байнга гарч станцын ус шахах бүтээмж буурч байсан тул 2005 онд монголын  нэлээд нэр бүхий СИНЕТИК компанитай хамтран байгууллагынхаа хөрөнгөөр Ус сувгийн удирдах газрын төв диспетчерээс удирдах боломж бүхий алсын удирдлагатай иж бүрэн техникийн шинэчлэл хийв.

Ус хангамжийн системд гидравлик тооцооны загварчлал хийж, ус дамжуулах гол шугамыг шингэн /гидравлик/-ий цохилтоос хамгаалах, даралт, зардал тохируулах зориулалтын хаалт суурилуулсны дээр телеметрийн удирдлагын систем нэвтрүүлж ус хангамжийн эх үүсвэрүүдийн болон ус дамжуулан шахах насосууд, усан сангууд, ус түгээгүүрийн гол, салбар шугамуудын оновчтой горим, харилцан ажиллагаа усны температурт төв диспетчерээс хяналт тавьдаг болов.

    Бохир усны коллектор, салбар шугамын үйл ажиллагаанд судалгаа, танадалт явуулах зориулалт бүхий оношилгооны иж бүрэн төхөөрөмжтэй явуулын машин бохир усны шугамын хэсэгт ашиглаж эхэлснээс хойш засвар үйлчилгээ чанаржиж, гэмтлийн байрлал тогтоох хугацааг богиносгож аливаа шугамын бөглөрөлт гэмтлийг маш бага хугацаанд засварлаж байгаагийн зэрэгцээ ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн бүтээмж дээшлэв.

    Хэдийгээр Дээд эх үүсвэр станц1990 оны сүүлчээр ашиглалтанд орсон боловч уг системийн салшгүй хэсэг Завсарын усан сан, хлоржуулах байгууламж нь шугамын хаалтны эвдрэл гэмтлээс шалтгаалж 10 гаруй жил ашиглагдахгүй байсан тул Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэргэжиж байгаа Гэрийн хорооллын ус хангамжийг сайжруулах төслийн хүрээнд Дээд эх үүсвэрийн  шугамд өндөр даралтын хаалтууд тавьж, Завсрын усан санг засварлан, хлоржуулах байгууламжийг хуурай хлорын төхөөрөмжөөр тоноглон, ашиглалтын хувьд авсаархан халаалтын зуух суурилуулж 2003 онд ашиглалтанд оруулснаар чанарын шаардлага  хангаж ариутгатган   хлоржуулсан ус хотын системд нийлүүлэх бололцоо бүрдсэний зэрэгцээ олон жил ашиглалтгүй байсан Зүүн хойт бүсийн усан санг байнга ашиглах нөхцөл бүрдэв.

    Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд Нисэх-Яармаг /2000 он/, Шархад /2001 он/, Хайлааст, Гандан, Дэнжийн мянга, Зурагт /2003 он/, Толгойт /2004 он/-ын гэрийн хороололд 90 гаруй км ус түгээгүүрийн шугам тавьж, 136 ус түгээх байрыг төвлөрсөн шугамд холбож, Хайлааст, Толгойтод ус дамжуулан шахах станц, Шархад, Хайлааст, Нисэхэд усан сан барьж ашиглалтад оруулснаар нийслэлийн 200 гаруй мянган иргэдийн ундны усны чанар сайжирч ус түгээх үйлчилгээ тогтмолжсон юм.

  Усны лабораторт шинжилгээний зөөврийн багаж Япон улсын буцалтгүй тусламжаар нийлүүлж бактериологийн шинжилгээний үзүүлэлтийг богино хугацаанд үнэн зөв өндөр нарийвчлалтай гаргадаг болсны дээр химийн шинжилгээний зарим үзүүлэлтийг дээж авсан газар дээр нь түргэн шуурхай илэрхийлдэг болов. Түүнчлэн шугамын, усны алдагдал, түүний байршил тодорхойлох багажууд нэвтрүүлж шугамын гэмтлийг нэн түргэн засварладаг боллоо.

Ариутгах татуургын системийн өргөтгөл шинэтгэлийн ажилд төр засгаас анхаарч багагүй ажил хийгдсэн. Хотын төв цэвэрлэх байгууламжийн Хуучин захын станцын 6 насосыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 1996 онд шинэчилсний дээр Испани улсын Вангийн хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламжийн нийт тоног төхөөрөмж, байгууламжуудыг шинэчлэх ажлыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэж эхний хэсгийг 2002-2004 онд хэрэгжүүлж ашиглалтанд оруулав. Энэ ажлын хүрээнд нийт 5 аэротенкэд агаар жигд түгээх үүрэг бүхий диффузортай яндан хоолой угсарч, агааржуулах станцын орос улсад үйлдвэрлэсэн цагт 72 мянган шоо метр агаар шахдаг 3 машиныг тус бүр нь 25,0 мянган шоо метр агаар шахдаг машин 3, зэвэрдэггүй гангаар хийсэн сараалж 9, шинэ захын станцын оросын үйлдвэрийн СДВ2700-26 маркийн

насосыг Испани улсад үйлдвэрлэсэн AFT 3600/25 маркийн 3-н насосаар тус тус сольж технологийн дамжилгуудыг хянаж удирддаг телеметрийн төв байрнаас удирдан ажиллуулж байна.

2004 онд Тасганы станцын тоног төхөөрөмжийг Синетик компанитай хамтран өөрийн хөрөнгөөр  автомат ажиллагаанд оруулах, 2008 онд дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр БДНС-ыг бүрэн шинэчлэх, 2009 онд Баянголын насосны станцыг өөрийн мэргэжилдтнүүдийн хүчээр автоматжуулсан.

 

2004 онд Төсөл хэрэгжүүүлэх нэгжийг анх байгуулж ажиллуулав.

2009 оны 11-р сард Усан хангамжийн албаны Цэвэр усны лаборатори, Төв цэвэрлэх байгууламжийн албаны Бохир усны лабораториудыг нэгтгэн Усны төв лаборатори нэртэйгээр зохион байгуулж, өөрийн хөрөнгөөр 17 өрөө бүхий лабораторийн зориулалтын барилга бариулж, иж бүрэн тохижуулан Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн.

            Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах (УБНААС–II) төслийн хүрээнд тус лабораторит орчин үеийн шинэ багаж тоног төхөөрөмжийг суурилуулж, хүчин чадлыг нэмэгдүүлсэн.  Усны төв лаборатори нь 2010, 2014 онд стандарт хэмжил зүйн газрын үндэсний итгэмжлэлд орж амжилттай итгэмжлэгдсэн. 2012 онд олон улсын итгэмжлэлийн үзлэгт амжилттай орж олон улсын итгэмжлэлийн лого хэрэглэх эрхтэй болсон.

Дээрх төслийн хүрээнд 2009-2010 онд Баянхошууны гэр хорооллын хэсэгт  1500 м3 багтаамжтай усан сан-1, 500 м3 багтаамжтай усан сан-1, 42 км шугам, насос станц- 2-ыг шинээр барьж, 53 УТБ-ыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон.     

           2009 онд тус байгууллага үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан Газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 01ний өдрийн 196 дугаар тушаалаар тус байгууллагын дээд шагнал болох “Чандмань эрдэнэ” хүндэт медалийг /ХТ-01/ -ийг бий болгож, тус байгууллагын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан  тэргүүний ажилтнуудыг байгууллагын “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршуулан “Чандмань эрдэнэ” медалиар шагнах журмыг баталсан.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр”

Монгол, Япон улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу (Дугаар №11603409) Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх-Гачуурт эх үүсвэр” төслийн  ажил нь 2012-2014 онд амжилттай хэрэгжсэн.

Энэхүү төслөөр Туул голын ай савын Гачууртын мойлтын тохойд 21 ш гүний худаг шинээр барин ,7,2 км цуглуулах доторлогоотой ширмэн шугамаар Гачууртын  тугалын дэнжид баригдсан 3000*2 м3 усан санд хуримтлуулж, хлороор цэвэршүүлсэний дараа ф700 мм диаметр  бүхий шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолойгоор Улаанбаатар хотын зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэн Улаанбаатар хотын ус хангамж , түүний дотор гэр хороололын ус хангамжийг нэмэгдүүлэж иргэдийг баталгаатай цэвэр усаар хангах үндсэн зорилгоор хэрэгжиж байна. 

БНСУ-ын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг хөгжүүлэх” төсөл”

КOICA төслийн хаалтын ажиллагааны зураг
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын өсөлт,шинэ бүтээн байгуулалттай уялдуулан ундны усны шинэ эх үүсвэр шаардлагатай болсон. Иймээс МУ-ын засгийн газар БНСУ-ын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэрийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлсэн билээ.

Чех улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар төвийн гүний худгуудын цооногуудыг задалж дурандан шалгаж, үр дүнг боловсруулах ажил графикийн дагуу хийгдэж дууслаа. 

 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn