УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Төв цэвэрлэх байгууламж өдөрт 2500 шоо метр лаг усгүйжүүлэх төхөөрөмжтэй боллоо

2019-09-09 17:10:34

"ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ"-ийн бүтээн байгуулалт дуусаж, 2019 оны 09 сарын 09-ны өдөр нээлтээ хийж, ажиллаж эхэллээ. 

Лаг усгүйжүүлэх байгууламжийг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, барилгын ажил гүйцэтгэгч Ай Вай И Зэт ХХК болон Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд, инженер техникийн ажилтан, алба хаагчид оролцлоо. 

Одоо ажиллаж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг бөгөөд үүнээс үүдэн эвгүй үнэр ихээр тархаж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг алдагдуулах болсон юм. 

Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Хайдро дизайн прожект” ХХК, “Ган хийц” ХХК зураг төслийг боловсруулж, Ай Вай И Зэт ХХК гүйцэтгэгчээр ажиллан “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, ашиглалтад оруулан Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Ус сувгийн удирдах газар хүлээлгэн өглөө. 

Лаг усгүйжүүлэх байгууламжийн барилгын хийц, бүтээц: Бетон суурьтай 48:18 метрийн хэмжээтэй, 11 метрийн өндөртэй, ган арагт бүтээцтэй, ус чийгнээс хамгаалсан төмөр гадаргуутай, эрдэс чулуун дулаалгатай. 

Инженерийн дэд бүтцийн хангамж: Лаг усгүйжүүлэх байгууламж нь цэвэрлэх байгууламжийн анхдагч тунгаагуурын насос станц, идэвхит лагийн насос станц тус бүрээс лаг татах Ф250мм-ийн голчтой 2 хос шугамаар холбогдсон бөгөөд төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг технологийн хэрэгцээндээ ашиглахаар, технологиос гарах хаягдал усыг буцаан цэвэрлэх байгууламжид нийлүүлж цэвэрлэнэ. 

Цахилгаан хангамжийн дэд өртөө, хоёр талын тэжээлтэй, цахилгаан, төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээнд холбогдсон байна.

Лаг усгүйжүүлэх байгууламж: Лаг цуглуулах сан, лаг шахах насоснууд, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж, усгүйжүүлсэн лаг цуглуулах шурган дамжуулагч, цуглуулах бункер, ус нөөцлөх сан, цэвэрлэгээний вакум насос, агаар үлээгч, үнэрийг халдваргүйжүүлэх агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэх дохиоллын систем, хяналт удирдлагын системээс бүрдэж байна. 

Уг байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг байна. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК  (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглана. 

Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99%, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96% бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70% хүртэл чийглэгтэй болох бөгөөд илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ.

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn