АЛТАНГАДАС ОДОНТ
УС СУВГИЙН
УДИРДАХ ГАЗАР

3-Р САРЫН 22 ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

2022-03-22 08:28:32

3-Р САРЫН 22 ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР


2022 оны "Дэлхийн усны өдөр"-ийн сэдэв: "ГАЗРЫН ДООРХ УС БУЮУ ҮЛ ХАРАГДАХ УСЫГ ТАНИУЛЪЯ"

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.

Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил" уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Харин 2016 онд “Сайн ус- Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл” гэсэн уриан доор тус тус тэмдэглэхээр болжээ.

Өнөөдөр дэлхийн ажлын байрны тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг, өөрөөр хэлбэл бараг бүх ажлын байранд ус хэрэглэж, тэдгээрт чанартай, аюулгүй усан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Гэтэл тэдгээр устай холбоотой ажил эрхэлдэг сая сая хүмүүсийг огт анзаардаггүй буюу тэдний хөдөлмөрлөх үндсэн эрх зөрчигдсөөр л байна. Энэ жилийн урианы гол санаа нь чанартай, хүрэлцээтэй усан хангамж нь хэрхэн тэрхүү ажиллагсдын амьдрал, амьжиргааг өөрчилж улмаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд ч эерэгээр нөлөөлөхийг ойлгох ёстой юм.

Эдүгээ Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүс Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг билээ. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээж байна.

Гэтэл энэ салбарт ажиллагсдын дундаж цалин улсын дунджаас доогуур буюу 480 мянган төгрөг байна. Тиймээс усны үйлчилгээний салбарт ажиллагсдын нийгэм, ахуйн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг нэмэгдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудлууд тавигдаж байна. Зохицуулах зөвлөл байгуулагдсан цагаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран ажиллаж шат дараатайгаар ажлын байрны нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дунджид ойртуулах талаар дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Үүний үр дүнд ч хэрэглэгчдэд хүрэх усны үйлчилгээний чанар, хүртээмж дээшилсээр байна.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Токиогийн гудамж-5, Ус сувгийн удирдах газар                       Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                          Email: usug1959@gmail.com
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn