УС СУВГИЙН
УДИРДАХ
ГАЗАР
УЛААНБААТАР ХОТ

Шинэ мэдээ

Шуудуу ухалгүйгээр шугам доторлох дэвшилтэт технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ

2018-10-16 02:19:55

Дэлхийн хэмжээний дэвшилтэт технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ

           Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүргийг хүлээн ажилладаг.

     Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Одоогийн байдлаар ус хангамж, ариутгах татуургийн 856,5 км шугам сүлжээ бий. Жар шахам жил болсон шугам сүлжээ эдүгээ элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

    Улаанбаатар хотын хэмжээнд цэвэр усны  619 км шугам сүлжээ байдгаас:

  • 310 км нь ган
  • 18  км нь шилээр хүчитгэсэн хуванцар
  •  251 км нь хуванцар
  •  40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг.

      Дээрх асуудлыг шийдвэрлэхээр Австри улсын Засгийн газрын 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Дэлхийд тэргүүлэгч технологи болох шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах төслийн ажлыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж байна.

     Австри улсын RTI компани нь машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган  нийлүүллээ.

  Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологийн Close Fit  болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх 2 худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно гэсэн үг.

   Энэ аргаар шугам сүлжээг доторлосноор:

  • Шугамын ашиглалтын хугацааг уртасгана
  • Усны алдагдлыг бууруулна
  • Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана
  • Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна
  • Цаг хугацаа хэмнэж, илүү зардал гарахгүй
  • Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас  Байгаль орчинд ээлтэй зэрэг ач холбогдолтой.

      Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд Австри улсад шинэ дэвшилтэт технологи эзэмших сургалтанд хамрагдан ирж уг ажлыг Австри улсын RTI компанийн мэргэжилтнүүдтэй  хамтран шугам хоолой доторлох ажлыг өнөөдөр эхлүүлж байна.

     Уг төслөөр эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны хамгийн өндөр насжилттай одоогоос 55 жилийн өмнө тавигдсан 1,7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож сэргээн засварлана. Энэ ажлыг хийснээр нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байсан асуудал шийдвэрлэгдэж шугам сүлжээний насжилт уртасна.

      Цаашид Ус сувгийн удирдах газар нь шугам доторлох дэвшилтэт техник технологийг нутагшуулан өөрсдийн хүчээр дээрх машин механизм, тоног төхөөрөмжөө ашиглан Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох ажлаа үе шаттайгаар  хийнэ

 

.

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь: Даваа-Баасан 9.00 am - 18.30 pm  Бямба, Ням: Амарна.                                   Дуудлагын нэгдсэн төвийн утас:70157066, 70157016                                                                 7 хоногын турш 24 цагаар нээлттэй утсаар санал гомдол хүлээн авч байна             Email: usug1959@gmail.com     usugub@yahoo.com     usug@usug.ub.gov.mn
FACEBOOK TWITTER YOUTUBE ШИЛЭН ДАНС Тендэр худалдан авалт Газар зүйн мэдээлэл www.eus.mn